angel

би шүү

Давхар гийгүүлэгч

2010 оны 01-р сарын 26 Нийтэлсэн энхзаяа
Одоогийн Солонгос үсэг нь 15зууны үед зохиогдсоноосоо хэлбэр нь жаахан өөрчлөгдсөн ч дараах үндсэн гийгүүлэгч, эгшгээс тогтоно. Нэгдүгээрт, үгийн эхэнд бичигддэг 19 гийгүүлэгчтэй. ㄱ,ㄴ,ㄷ,ㄹ,ㅁ,ㅂ,ㅅ,ㅇ,ㅈ,ㅊ,ㅋ,ㅌ,ㅍ,ㅎ,ㄲ,ㄸ,ㅃ,ㅆ,ㅉ Хоёрдугаарт, үгийн дунд бичигддэг 21 эгшигтэй. ㅏ,ㅑ,ㅓ,ㅕ,ㅗ,ㅛ,ㅜ,ㅠ,ㅡ,ㅣ,ㅐ,ㅒ,ㅔ,ㅖ,ㅘ,ㅙ,ㅚ,ㅝ,ㅞ,ㅟ,ㅢ Гуравдугаарт, үгийн төгсгөлд бичигддэг 21 гийгүүлэгчтэй. ㄱ,ㄴ,ㄹ,ㅁ,ㅂ,ㅅ,ㅇ,ㅈ,ㅊ,ㅋ,ㅌ,ㅍ,ㅎ,ㄲ,ㄳ,ㄵ,ㄶ,ㅄ,ㅆ,ㄺ,ㄻ,ㄼ,ㄽ, ㄾ,ㄿ, ㅭ 2. Солонгос хэлний онцлог 1) Авиазүйн онцлог Нэгдүгээрт, солонгос хэлэнд бусад хэлэнд байдаггүй дуутай сул гийгүүлэгч, дуугүй чанга гийгүүлэгч, давхар дуудлагатай гийгүүлэгч зэрэг онцлог авиа бий. Хоёрдугаарт, Солонгос хэлний үе үүсгэхэд заавал эгшиг хэрэгтэй. Эгшиг дангаараа үе болох ч бий, гийгүүлэгч эгшиг гийгүүлэгч нийлж үе болох ч бий. Эгшиг дангаараа үе болох тохиолдолд үеийн эхэнд ‘ㅇ’ бичигдэнэ. ㅇ + ㅏ = 아 ㅇ + ㅗ = 오 Эгшиг гийгүүлэгч нийлж үе бүтнэ. ㅇ + ㅓ + ㅂ = 업 ㅇ + ㅏ + ㄹ = 알 Гийгүүлэгч эгшиг нийлж үе бүтнэ. ㄱ + ㅏ = 가 ㄹ + ㅜ = 루 Гийгүүлэгч эгшиг гийгүүлэгч нийлж үе бүтнэ. ㄱ + ㅜ + ㄴ = 군 ㅁ + ㅏ + ㄹ = 말 Хангыль цагаан толгой ㄱ -к ,г Үгийн эхэнд орсон үед к-гаар дуудагдана. Үгийн дунд орохдоо г- ээр дуудагддаг. ㄴ -н н - үсэгтэй адил дуудагдана. ㄷ -д , т Үгийн эхэнд орсон үед т- гээр дууддаг. Үгийн дунд болон эцэст д- гээр дууддаг. ㄹ -р , л Араас нь эгшиг орсон тохиолдолд р - ээр дуудугдана Үгийн эцэст орох юмуу ард нь гийгүүлэгч орсон үед л ль -ээр дуудна. Хоёр ㄹ үсэг давхцан орсон үед хоёуланг нь л - ээр дуудна. ㅁ -м монгол хэлний м - үсэгтэй адил дуудагдана. ㅂ - б , п Үгийн эхэнд орсон үед п - гээр дуудна. Үгийн дунд б - гээр дуудна . ㅅ - с , ш с - үсэгтэй адил дуудагдана. Араас нь ㅣ, ㅠ , ㅑ , ㅕ , ㅛ , ㅟ эгшгүүд орсон үед ш - ээр дуудагдана . ㅇ - нг Эгшиг дангаар бичигдэх үед урд нь орж эгшгийг амилуулна . Ямар нэг дуудлагагүй . Бадчимаар орохдоо хоолойн н нг болж дуудагдана . Монгол хэлний наран , саран гэдэг үгийн сүүлийн н мэт сул дуудагдана . ㅈ - ж ж үсэгтэй адил дуудагдана . ㅊ - ч ч - үсэгтэй адил дуудагдана . ㅋ - к к - үсэгтэй адил дуудагдана . ㅌ - т т - үсэгтэй адил дуудагдана . ㅍ - п п - үсэгтэй адил дуудагдана . ㅎ - х х - үсэгтэй адил дуудагдана . Үгийн дунд орохдоо маш бүдэг дуудагдах буюу , дуудагддаггүй . Дэлгэрэнгүй»

Эртний Энэтхэгийн философи /курсийн ажил/

2010 оны 01-р сарын 26 Нийтэлсэн энхзаяа
Йога (Yoga – энэ нь нэгтгэх, төвлөрүүлэх гэсэн утгатай санскрит үг) нь үүсэл гарлын хувьд маш эртний бөгөөд ведийг уламжилсан даршана мөн. Энэ системийг үндэслэгч нь Патанжали (Patanjali) юм. Энэхүү даршаны гол зорилго нь хүний бие сэтгэл, оюуны харьцааны асуудал, сэтгэл санааны амьдралын асуудлыг судлах явдал ажээ. Йога нь бүхэлдээ шашны философийн чиглэлд хамаарагдах боловч ертөнц бодитой оршдогийг хүлээн зөвшөөрч, ертөнцөд хүн яаж амьдрах арга замыг тайлбарладаг. Йогийн тусламжтайгаар хүн амьдралдаа олон чухал зүйлийг бүтээж болно. Йога нь хүний биемахбодын болон сэтгэл зүйн хоорондын нэгдэл зохицол, эрүүл саруул байдлыг оюун санаа, сэтгэлийн гоо сайхантай зохицуулах явдал юм. Йога нь төгс бие хүнийг төлөвшихөд туслах арга, үйл ажиллагааны систем гэж ойлгож болно. Йогийн сургаалд танин мэдэхүй нь ариун ном судрыг дагах, хүртэн мэдэх, бясалгалын замаар хэрэгждэг үйл явц байдаг. Энэ нь ведийг судалснаар ариун үнэнд хүрэх боломжтой. Эсвэл хүртэхүйн тусламжтайгаар юмс үзэгдлийг танин мэдэж болно. Гэвч хүртэхүйн мэдлэг нь заримдаа алдаатай байдаг. Харин бясалгал бол хүн өөрийн оюун санааг тодорхой цэгт (асуудалд) хүчтэй төвлөрүүлэх замаар танин мэдэх чухал арга мөн. Ийм замаар олж авч буй мэдлэг нь шууд бус мэдлэг юм. Шууд бус мэдлэг нь гурван хэлбэртэй: шалтгаанаас үр дагаварт шилжих мэдлэг, үр дагавраас шалтгаанд шилжих мэдлэг, жишилтийн мэдлэг ажээ. Хүн йогийн ачаар өөрийн оюун ухааныг хөгжүүлэх замаар өнгөрсөн, одоо, ирээдүйг танин мэдэх чадвартай болно. Ийм чадвар нь хүний эрх чөлөөний үндэс юм. Йогийн философид хүртэхүй нь оногдохуун ба мэдрэхүйн эрхтэн шууд холбоо тогтоосноор олж авч буй мэдлэг юм. Хүртэхүйгээр олж авч буй мэдлэг заримдаа алдаатай. Шууд мэдлэгийг үүсгэдэг хүртэхүйн 5 эрхтэн байдаг. Үүнд: харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх эрхтэн болно. Өнгө, дуу, чанар, амт эдгээрийг ариун элемент гэдэг. Үүнээс мэдрэмж бүр нь нэг махбодийг өөрөөр хэлбэл физик элементийг хүртэж мэдэрдэг. Тухайлбал, 1. Дууны чанар агуулсан – Эфир 2. Дуу болон хүртэн мэдрэхүй – Агаар 3. Өнгөний мэдрэхүй – Гал 4. Өнгө амтны мөн чанарыг агуулсан – ус 5. Өнгө амт үнэрийн чанарыг агуулсан – Шороо гэж байж болно гэж үзжээ. Хүртэхүйгээр олж авч буй мэдлэг одоо цагт чиглэгдсэн мэдлэг байдаг. Оюун дүгнэлт нь дотоод мэдлэг юм. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн байдаг. Оюун дүгнэлтийн замаар олж авч буй мэдлэг нь шууд бус мэдлэг байна. Энэ нь үндсэ гурван хэлбэртэй. А. Шалтгаанаас үр дагаварт шилжих Б. Үрээс шалтгаанд шилжих В. Жишилтийн мэдлэг эдгээр болно. Хүний амьдралын зорилго нь сэтгэлийн амар амгалан байдал, гэгээрэлд хүрэх явдал юм. Энэ зорилгод хүргэх найман чухал зүйл, шат байдаг. Амгалан гэдэг зохицонгуй аргаар амьдралыг хянахуй юм. Дотоод амгалангаа алдах нь хүнд учрах хамгийн золгүй зүйл. Үүнд ухаан чухал. Йогийн философид сэтгэл санаа оюун ухааныг яаж хөгжүүлэх тухай зарчмыг боловсруулж өгсөн. Тийм зайлшгүй баримтлах ёстой үндсэн зарчмууд гэвэл, 1. Yama – Яма - өөрийгөө хянахуй, цээрлэх ёс. Жишээ нь хүн өөрийн өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд сөрөг үйл явдал хийхгүй байх. 2. Niyama - үйл хөдлөл, зан авирыг хатуу чанд барих, өөрийгөө боловсруулах ёстой. Нияма хүн өөрийн үйл ажиллагаанд ёс суртахууны эерэг дадал зуршлыг дээдлэх хүмүүжилтэй байх. Үүнд таван гол шаардлага байдаг. а. Сайхан сэтгэлтэй байх б. Илүү хэрэгцээгээ хязгаарлаж, олдсон зүйлд сэтгэл ханаж сурах в. Халуун хүйтэн гадны нөлөөллийг давж сурах г. Ариун ном судрыг тогтмол унших дадалтай болох д. Бурхан тэнгэрийн тухай байнга бодох эдгээр болно. 3. Asana – тогтвортой, тухай байрлал гэсэн үг. Дээд ухамсарт хүрэхэд тус болох биеийн янз бүрийн суудал, завилгаа. Асана хүн өөрийн бие, сэтгэлийг төгөлдөржүүлсний үндсэнд биеэ зөв удирдаж сурах (өөрөө өөрийгөө удирдах) 4. Pranayama – Пранаяма – амьсгалыг хянан удирдах. Хүн өөрийн амьсгалыг тохируулж сурснаар цусны эргэлтийг сайжруулах, эрүүл мэнд сэтгэл зүйд чухал. 5. Pratyahara – сэрэхүйд (sense – мэдрэхүй)-д шүтэх амьдралаас тэвчих ёсон. Пратяхара – мэдрэхүйгээс салах, өөрөөр хэлбэл, хүн бие сэтгэлээ удирдаж жолоодож сурсны үндсэн дээр аливаа мэдрэхүйгээ оногдохуйгаас салгаж, тусгаарлаж сурах ёстой. 6. Dharana – биеийн хэсэг бүхнийг нэгтгэн, сэтгэл ухамсрыг Бурханд хандуулах ёсон. Дарана – анхаарлаа төвлөрүүлж сурах ёсон. Өөрийн хэрэгтэй зүйлийг сонсож, түүндээ анхаарлаа төвлөрүүлэн эзэмших нь ач холбогдолтой. 7. Dhyana – Бясалгалын ёсон. Дияана – объектыг бясалгахуй. Өөрийн анхаарлаа төвлөрүүлсэн зүйлээ оюун ухаандаа эргэцүүлэн бясалгаж тодорхой зүйлийг олж авах. Зорьсон зорилгыг чиглэн ядралыг үл ажран хурдлах илчит тэрэг. 8. Samadha – Самади – хуралдуулах сэтгэхүйн бясалгалын дээд хэлбэр, бидний бодгаль ухамсар хэтийдсэн дээд гэгээний хязгааргүй ухамсарт уусан шингэх ёсон. Оюун ухаандаа шингээж өөрийн болгох эдгээр болно. Энд эхний хоёр зарчмыг ёс суртахууныг төгөлдөржүүлэх, дараагийн хоёр нь хүн өөрийн биеийг төгөлдөржүүлэх, сүүлийн дөрөв нь хүний оюун ухааныг хөгжүүлэх системчлэх арга замууд хэмээн үздэг. Эдгээр үндэслэл нь хүний сэтгэл, оюун ухааныг зөв залж ашиглаж чадвал асар их хүч чадавхитай гэдгийг нээн илрүүлсэн хэрэг юм. Ийнхүү йога нь хүн гадаад ертөнцийг танин мэдэх явцад үүссэн сэрэл, цочрол, тусгалыг даган өөрчлөгдөж буй сэтгэл, оюун ухаанаа өөрөө ухаалгаар залж жолоодох арга зам, боломжийг судлан боловсруулсан үзэл баримтлал юм. Чарвак – Локаята Чарвак – локаята (Carvaka – lokyata – лока хэмээх санскрит үг нь энэ ертөнц, орон зай, хязгаар, дэлхий ертөнц, амьдрал, хүмүүс зэрэг олон утгатай үг. Caru-vaka – гоё сайхан яриа, наргих, цэнгэх зэрэг олон утгаар тайлбарладаг) нь ведийн эрс няцаан шүүмжилж, ведийн номлогчид бол зөвхөн ашиг хонжоо хайгчид хэмээн үзэж байсан хамгийн тууштай материалист шашингүйн үзэл баримтлал юм. Эл философийн үндэслэгч “Ертөнцийн нүд” хэмээх Брихаспати мөн. Чарвака – локаята нь Энэтхэгийн философи үзэл санааны хамгийн маргаантай чиглэлүүдийн нэг бөгөөд эртний болон дундад зууны үеийн материалист сургаал юм. Тэд Брахман, атаман, сансар, кармыг үгүйсгэдэг сургаал байсан учраас ортодоксаль чиглэлүүдтэй илт мэтгэлцэж байсан байна. Хэдийгээр чарвака – локаята нь сонгодог зургаан системд ордоггүй боловч зохиол бүтээлд нь Ньяя-Вайшешика – гийн үзэл агуулагддаг байна. Энэ философи нь энэ ертөнцийг (бидний амьдарч буй ертөнц) авч үздэг бөгөөд нөгөө ертөнцийн оршин тогтнохуйд үл итгэдэг. Нэрний уг гарлын хувьд “локаята” гэдэг нь “ертөнц, газар, амьдрал, хүмүүс, ард түмэн” гэсэн үгнээс гаралтай бөгөөд “жирийн ард түмний дунд дэлгэрсэн газрын замаар явагчид” (санваартны ариун ёсыг үл дагагчид) гэсэн утгатай. Харин чарвака-ын хувьд “чарь” ба “ид, залги, цэнгэ” гэсэн утгатайгаас гадна “чару” ба “вака” – “сайхан яриа (төгс үг хэл)” ч гэсэн бадйаг. Локаятын тухай бүрийн эртний мэдээ баримт нь буддын шашны ном бичиг, Эртний Энэтхэгийн Ведийн судар, туульсын дотор байдаг. Хуучны уламжлалаар бол локаятын үүслийг мэргэн Брихаспатын нэртэй холбон үздэг. Тэрхүү домогт: Чарвак (локаятын) Ведийн эсрэг атейст дайралт хийсэн зарим зүйлийг бичсэн байдаг. Мөн тэдний материалист философи зуун жилийн турш хөгжиж ирсэн бөгөөд түүний баримтлагчид Энэтхэгийн түүхэн өөр өөр үеүдэд идеализм болон шашны эсрэг сөрөн зогсож байв. Чарвак – локаята даршаны онтологи гол сургаал нь “олон бүтцэт нэгдлийн тухай онол” юм. Энэхүү философийн үзлээр материаллаг ертөнц л бодитой оршдог. Энэ ертөнц бол дөрвөн махбодын бүрдэл мөн. Оршин буй бүхний үндэс нь гал, ус, шороо, агаар хэмэх дөрвөн махбодын өвөрмөц хослол, нэгдэл юм. Эдгээр дөрвөн махбод тус бүр дотооддоо амьдрах хүчийг эзэмшсэн идэвхит шинж чанартай байдаг. Гал нь үргэлж дээш бадарч байдаг учраас юмсын өөрчлөлт, хөдөлгөөний эх үндэс болдог. Ус нь нойтон чийглэг шинж чанартай учир юмсыг барьцалдуулан нэгтгэх үүрэгтэй. Шороо нь хатуу, хүнд учир тогтоон баригч хүч болдог ажээ. Харин агаар бол гал, ус, шороо махбодын үйл ажиллагааг нөхцөлдүүлэгч гол нөхцөл болж өгдөг. Ийнхүү ертөнцийн үүсэл бүрдэлд махбод бүр өөрийн үүрэгтэй боловч, хоорондоо холилдон нэгдэж, тэр нэгдлээс ертөнцийн олон янзын юмс үзэгдэл үүсдэг байна. Энэхүү үзэл нь ертөнцийн анхдагч эхлэл, шалтгааныг материаллаг хүчин зүйлсээр тайлбарлаж, улмаар ертөнцийг хөдөлгөөнд оруулж байдаг ямар нэг тусгай хүч, бурхан тэнгэр байх шаардлагагүй гэсэн гэнэн материалист үзэл юм. Чарвака – локаятын гол үзэл нь: • Ариун нандин эх бичиг /Вед-Р.Д/ бол хүндлэлийн объект болох ёсгүй, учир нь тэд хуурамч. • Байгалийн хүчнээс давсан бурхан гэж байхгүй. • Сүнс мөнх оршин тогтнодоггүй, бие үхсэнээс болоод бүгдээрээ л төгсдөг. • Кармын хууль гэж байдаггүй, тэр бол худал хуурмаг хоосон зүйл. • Бүгд л Махабхут шиг материаллаг элементээс үүсдэг (эхээс төрөх мэт). • Энэ материаллаг элементүүдэд өөрсдийнх нь эхлэлийн хүч гэж буй (свабхава). • Оюун ухаан бол энэ материаллаг элементүүдээс л үүсдэг. • Зөвхөн шууд хүртэхүй л жинхэнэ мэдлэгийг өгдөг (пратьякша). • Шашны заавар зөвлөлгөө (тушаал) мөн уламжлалаа шүтэгч хүн ашиггүй (дэмий). • Хүний амьдралын зорилго бол хамгийн их аз жаргалыг амсах явдал мөн. Тэдний үзлээр, танин мэдэхүй бол гадаад ертөнцийг шууд хүртэх явдал юм. Өөрөөр хэлбэл, сенсуалист үзэл байв. Бурхан, сүнс зэрэг нь мэдрэхүй хүртэхүйд өгөгдөхгүй тул үнэн бус, бодит бус зүйлс ажээ. Бурхан бол хуурмаг зүйл. Түүний зэрэгцээ чарвакууд диваажин, там байдгийг үгүйсгэж, шашны зан үйлийг утга учиргүйд тооцож, хүний амьдралд өргөл мөргөл тахил шүтээн бус, бодит үйл амьдрал л аз жаргалыг авчирдаг, бурхан аз жаргалыг авчирдаггүй. Хойд нас гэж байхгүй, хэн ч үхлээс зайлж чадахгүй, бие үхэхэд сүнс, оюун ухаан ч мөн устдаг гэх зэргээр шашны эсрэг шүүмжилж байжээ. Чарвакууд хүний амьдралын утга учир бол аз жаргал хэмээн ёс зүйн хувьд гедонистууд байв. Түүнчлэн хүн өөрийн хөдөлмөрөөр өөртөө аз жаргалыг авчирдаг. Тэдний амьдралын зарчим нь энэ насандаа идэж уух, цэнгэлтэй байх явдал юм. Танин мэдэхүйн тухай сургаал: Локаятын танин мэдэхүй нь сенсуалист шинжтэй ба сэрэл бол танин мэдэхүйн гагцхүү магадтай эх сурвалж гэж үздэг. Мэдрэлийн эрхтэн, бүтсэн элементүүдээс л бүтсэн байдаг болохоор (тийм л юмыг тийм л юм танин мэднэ) тэр хэмжээгээр тусган хүлээн авч байгаа юм гэжээ. Үүний үндсэн дээр Чарвака-локаята нь мэдрэхүйн гадна байх мэдрэхүйгээс хэтэрсэн объектууд юуны өмнө бурхан, сүнс урд төрөлдөө үйлдсэн үйлийн үр, диваажин, там зэрэг зүйлийг үгүйсгэдэг юм. Номын бичигт нь Чарвака-локаятаас Энэтхэгийн философи дахь танин мэдэхүйн уламжлалт эх сурвалжууд болох оюун дүгнэлт ба эртний нэрт хүмүүсийн гэрчилгээнд (прамануудад) хэрхэн харьцах нь бүрэн тодорхой биш байгаа юм. Энэ нь нэг бол Чарвака-локаята нь тэдгээр хоёр праманыг зөвхөн шашны идеалист трансцендент объектуудын нотолгоонд хэрэглэхийг үгүйсгэдэг. Нэг бол Чарвака-локаята нь ерөөс тэднийг танин мэдэхүйн бие даасан арга хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь зөвхөн мэдрэн хүртэхүйг пратьякин-г тийм зүйл гэж үздэг байгаа билээ. Ертөнцийн тухай бодит мэдлэгийг таван мэдрэхүйгээрээ олж авахаас гадна зургаа дахь мэдрэхүй байдаг гэж үзсэн бөгөөд тэр нь ухамсар юм. Чарвака-локаятууд танин мэдэхүйн гурван аргыг хүлээн зөвшөөрсөн. Үүнд: хүртэхүй, оюун дүгнэлт, баталгаа нотолгоо эдгээр болно. Цааш нь хүртэхүйг хоёр төрөлд хуваасан. Үүнд: 1. Гадаад – энэ нь таван мэдрэхүйн тусламжтайгаар объектын физик чанарын тухай мэдлэг олох хүртэхүй. 2. Дотоод – энэ нь дотоод ухамсраар мэдлэг олох хүртэхүй буй. Чарвакууд хүртэхүйг танин мэдэхүйн үнэн магадтай арга хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч мэдлэг олж авч буй жинхэнэ арга бол оюун дүгнэлтийн үнэн байдалд эргэлзэх гэж бас үздэг. Ёс зүйн сургаал. Чарвака-локаятын ёс зүйн үзэл баримтлалын үндэс суурь дээр хязгааргүй жаргал оршдог. Энэ бол гедонизм (hadone ба “цэнгэл” гэсэн утгатай грек үг). Бие хүний мэдэрч буй ахуйн хүрээнд жаргал ба зовлон бий болдог учраас л амьдралын бодит байдлыг танин мэдэж болдог. Энэ сургаалд хүн оршин тогтнохын тулд баялагтай, жаргалтай байх ёстой гэж үзжээ. Энэ сургаалын төлөөлөгчдийн уриа бол “Өнөөдөр идэж, ууж, жаргаж, цэнгэж, цаашилбал үхэхийн тулд л амьдардаг” юм. Мөн “Хэн ч үхлийн ширүүн харцнаас гэтэлж чаддаггүй” гэж үзсэн нь эгоизмыг баталж, дэлхийн хүмүүсийн хүслийг номлодог. Иймээс хүний цорын ганц аз жаргал бол баяр хөөрийг мэдэрч амсах, хүний амьдралын цорын ганц зорилго бол аз жаргалаар дүүрэн байх гэх мэтээр ёс зүйн санаагаа илэрхийлсэн байдаг. Эндээс дүгнэвэл, чарвак нь хүн жаргах гэж, бүх талаараа сайн сайхан байх, өөрөөр хэлбэл, өндөг шиг өөгүй амьдардаг гэсэн санаа гарч ирж байгаа бөгөөд энэ нь одоогийн либерализмтай төстэй. Буддизм Буддизм (buddhism) нь МЭӨ VI зууны үед үүссэн бөгөөд анх ёс суртахууны сургаал байдлаар үүсч, хожим Hinayana (бага хөлгөн) ба Mahayana (их хөлгөн) хэмээх хоёр үндсэн чиглэлээр хөгжиж иржээ. Буддагийн алдарт “дөрвөн үнэн”-ий сургаалд буддизмын нэг үндсэн ойлголт болох зовлон, түүний шалтгаан болон зовлонг гэтлэх арга замыг тайлбарладаг. Зовлон бол хүн, нийгмийн амьдралын гол мөн чанар бөгөөд зовлонгийн гол шалтгаан нь хүн мэдэрч хүртэж буй бүхэн рүүгээ, энэ ертөнцийн амьдралд хязгааргүй тэмүүлэх, шунах, минийрхэх үзэл юм. Ийм хорт сэтгэлийн үзэгдлүүдийг (шунал, уур омог, бухимдал, мунхаг гэх мэт) нисваанис хэмээх ойлголт илэрхийлдэг. Нөгөө талаар буддизмд хүний амьдралын зорилго бол нисваанисыг тэвчиж, нирваан болох явдал ажээ. Нирваан бол ертөнцөөс тонилсон гэсэн утга биш бөгөөд харин ч ертөнцийн дотор байж гагцхүү түүнтэй үл зөрчилдөн зохицож амьдрах ухамсар юм. Өөрөөр хэлбэл, зөрчил зовлонгүй амьдрах нь хүний амьдралын чухал зорилго байдаг. Ийм байдалд хүрэх, зовлонгоос ангижрах арга зам нь Хутагтын найман мөчиртэй холбоотой. Энд хүн бүхэн байнга эрхэмлэх найман зүйлийг зөв үзэл, зөв эрмэлзлэл, зөв үг, зөв амьдрал, зөв үйл, зөв чармайлт, зөв бясалгал, зөв ухаарал хэмээн тодорхойлсон буй. Буддизмын хөгжлийн хоёр дахь үе шат болсон Хинаяна буюу бага хөлгөн нь дотроо Вайбхашика (тайлбартан), Саутрантика (судартан) хэмээх хоёр чиглэлд хуваагддаг. Хинаяна философийн үндсэн ойлголт бол dharma (дхарма) мөн. Үүнийг монгол хэлэнд “ном” хэмээн хөрвүүлдэг. Энэхүү дхарма нь ертөнцийн бүх юмс үзэгдлийн эх үндэс болдог бөгөөд тэр нь биеийг бүрдүүлдэг дхарма, сэтгэлийг бүрдүүлдэг дхарма гэх мэт янз бүр байдаг. Хинаяна философийн нэг үндсэн баримтлал бол махбодийн онол юм. Энэ онолоор дүрст буюу биет юмс нь маш нарийн тоосноос бүрдэх бөгөөд тэдгээр маш нарийн тоосны шилжилт нь нэг биеийг нөгөөд хувиргадаг. Юмс үзэгдэл үүсч, бүрэлдэн буй болох, өөрчлөгдөх, хөгжихийн үндэс нь шороо, ус, гал, хий хэмээх дөрвөн махбод юм. Эдгээр бүх юмсын анхдагч шалтгаан болдог. Мөн буддизмд ертөнц нь сав ертөнц, шим ертөнц хэмээх хоёр төрлийн байдаг. Сав ертөнц бол хязгааргүй өөрчлөгдөн хувирах материаллаг ертөнц байдаг бол, шим ертөнц нь өөрийнхөөрөө ухаарах санаа ухамсрын ертөнц юм. Буддын философийн гурав дахь үе шат болох Махаяна буюу Их хөлгөн нь дотроо Мадхьямака (төв үзэл), Йогачара (сэтгэл төдийтөн) хэмээх хоёр томоохон чиглэлтэй юм. Төв үзэл нь буддын философийн оргил гэж хэлж болно. Энэхүү философийг үндэслэгч нь Нагаржуна бөгөөд түүний гол баримтлал нь хоосон чанарын (шуньята) онол юм. Түүний хоосон чанарын онолын хураангуй илэрхийлэл нь “түрдэх үгүй, төрөх үгүй, тасархай үгүй, мөнх үгүй, ирэхүй үгүй, одохуй үгүй, ангит утгат бус, нэгэн утгат бус” хэмээх алдарт найман үгүйсгэл мөн. Энэхүү үгүйсгэл нь ертөнц нэг талаас статик (зогсонги), нөгөө талаас динамик (хөдлөнги) шинжтэйг харуулж байна. Ер нь аливаа юмс үзэгдлийг аль нэг талаас харах, эсвэл аль нэг үзлийг өрөөсгөлөөр баримтлан туйлшрахгүй, ертөнцийг эсрэг тэсрэг олон талын шүтэн барилдлага, тэр бүгдийн байнгад харилцан хувирч өөрчлөгдөж байдаг дундын харилцаанд авч үзэж тооцож байх шаардлагатайг хоосон чанарын онол чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, юмс үзэгдлийн дотоод нэгдэл, мөн чанарын асуудал юм. Төв үзлийн өөр нэг онцлог нь ертөнцийг ухаан бодлоороо хөөн бясалгаж, аль болохоор уг язгуурыг танин барьж, түүнийгээ үндэс болгон байгаль, нийгэмдээ хандах, бүгдийн зохицол, зохиролыг эрхэмлэдэг үзэл мөн. Йогачара нь бүхний үндэс бол сэтгэл санаа хэмээн баримталдаг философи юм. Одоо ведийг үгүйсгэн шүүмжилж байсан настика чиглэлүүдийн нэг болох жайнизмын талаар өгүүлье. Жайнизм Жайнизм (Jainism) – Ялгуусан үзэл. Хүн төрөлхтний аугаа их соёлын орон болсон эртний Энэтхэгийн философийн уламжлалт чиглэлүүдийн нэг болох жайнизмыг ихэнх эрдэмтэд МЭӨ VI-V дахь мянган жилд үүссэн гэж үздэг. Жайнизмын домог, хууч, ариун бичиг зэрэг нь жайнизмыг бүр эрт үеийнх гэдгийг илэрхийлдэг. Энэхүү жайнист шашны судалгаа нь кшатрын (дайны язгуур) дунд үеэс хөгжсөн түүхтэй. Жайнизмыг үндэслэгчдийн тиртханкари гэж нэрлэдэг. Тиртханкари гэдэг нь санскрит хэлний “амьдралын далайд хөтлөгч” гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл, гэгээрэх замыг заагч гэсэн утгатай үг юм. Жайны ариун бичгүүдэд хорин дөрвөн тиртханкарийн нэр тэмдэглэдсэн байдаг бөгөөд тэдний амьдрал үйл хэргийн тухай өгүүлсэн байдаг. Тиртханкаруудын анхных нь эртний Энэтхэгийн Кашал улсын хаан Ришабха байсан. Ришабха нь хүмүүс хоол хүнсээ зөв бэлтгэж чаддаггүй, гар урлал, бичиг үсэг зэрэг олон зүйлийг мэддэггүй байсан тийм үед амьдарч байсан. Ришабха нь энэ бүгдийг хүмүүст зааж сургасан бөгөөд түүнчлэн гэрлэлтийн, оршуулгын болон бусад ёс жаягийг тогтоосон гэдэг. Индостаны баруун хойд зүгээс зүүн ба өмнө зүгт, аричуудыг явуулахын хэрээр Ришабхын “хүмүүжил” аймгийн тоо нэмэгдсэн. Харин тэдний удирдагчид брахмануудтай үргэлж сөргөлдөж байдаг кшатруудын язгууруудад голчлон нэгдэхийг мэдэж байв. “Шинэ кшатр”-ын хаанчлалын явцад буддизм, жайнизм гэх мэт брахманы эсрэг янз бүрийн шашны сургаалууд үүсэх орчин нөхцөл бий болжээ. Бусад тиртханкаруудын тухай мэдээ бага байдаг. Хорин дөрвөн чиртханкарын сүүлчийнх нь Вардханама байсан. Энэ хүн жайнизмыг хэлбэршүүлэхэд маш их нөлөө үзүүлсэн бөгөөд өөрөө энэ шашныг сүсэгчдийн дунд байсан. Вардханама Махавари Джиня-гийн нэрийг хүртсэн. Махавари – “домогт баатар”, Джиня - “ялагч” гэсэн утгатай. Джина хэмээх цол хэргэмийг төрөх, үхэх, орчлонгоос чөлөөлөгдөж өөрийн муу үйл, сул дорой байдал, шунал тачаалаа ялж чаддаг шашны номлолтонуудад өгдөг байжээ. Махавари МЭӨ 599 онд төрсөн. Түүний эцэг нь кшатри гаралтай. Джайны домогт Махаварын хүүхэд насны тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэрээр ер бусын хүүхэд байсан бөгөөд өөрийн үе тэнгийнхнээсээ хүч чадал, авьяасаараа давуу байжээ. Тэрээр хамгийн хүнд асуултанд ч хялбархан хариулдаг байв. Махавару 30 насандаа өөрийн бүх эд хөрөнгөө бэлэглэж, гэр бүлээ орхин даяанчлах болсон. Тэр бараг хувцас хунар, хоол хүнсгүй амьдарч, бясалгалаар сургуулилж, маш их дарамт зовлон доромжлолыг амсаж, 12 жилийг өнгөрүүлсэн гэдэг. Нэгэн жижиг тосгонд тэр дүүжлүүлэхээ дөхсөн боловч долоон удаа олс нь алдуурсанд тариачид гайхаж, түүнийг дээд тэнгэрээс ирсэн байх хэмээн зүгээр явуулсан гэдэг. Кайнизмийг үндэслэгч Вардхаман (Vardhamana) нь тэрээр амьдралын утга учир, ертөнцийн мөн чанарыг танин мэдэхийг зорьж олон жил даяан бясалгал үйлдэж, улмаар өөрийн хорт муу сэтгэлийг дарж, үнэнд хүрч чадсан гэдэг. Тиймээс түүнийг Жин буюу ялан дийлэгч хэмээн нэрлэж, жайнизм хэмээх нэр үүсжээ. Жайны домог зүй, ертөнцийн бүтцийн тухай мэдээллийг агуулсан байдгаараа онцлогтой. Жайнуудын төсөөлөлөөр ертөнц нь дээд, доод, дунд, доод гэсэн гурван хэсэгт хуваагддаг, огтлогдсон конус хэлбэртэй. Жайны домог зүйд ургамал, амьтан, хүн, сүнс, бурхан тэнгэрийг аль нэг хэсэгт орохыг бичсэн байдаг. Доод ертөнц нь өмхий үнэр, цэвэр биш зүйлээр дүүрэн давхраануудаас бүрддэг. Зарим давхраанд тамд унасан сүнснүүд оршдог. Нөгөө хэсэгт нь үргэлж нэг нэгнийгээ тамладаг шувуу шиг амьтад жигшмээр хар цэцэг байдаг. Дунд хэсэгт нь далай тэнгис, тив, эх газар, арлаас бүрддэг. Тэнд уул нуруу, үлгэрийн мод, цэцэг, үнэт чулуугаар хийсэн орд харш бий. Зарим арлууд сар, наран дээр бий. Дундаж ертөнцийн төвд Мандара хэмээн нэрлэгддэг ертөнцийн уул бий. Дээд тэнгэр нь арван шветамбар буюу арван нэгэн дигамбарын давхраанаас бүрддэг. Давхраа бүр нь олон тооны бурхадтай жижиг давхраануудад хуваагддаг. Тэдний нэр үргэлж дурсагдаж ямар ч аюулгүй байна. Хамгийн дээд хэсэгт нь чөлөөлөгдсөн сүнс сиддхи байдаг. Сиддханшетре хэмээх тусгай орон хэсэгт чөлөөт сүнс хиддхи байдаг. Түүний үзлээр, энэ ертөнц нь хязгааргүй олон юмсаас бүрддэг бөгөөд эдгээр юмсыг амьтай (jiva) ба амьгүй (ajiva) ертөнц хэмээн хоёр төрөлд хуваан үздэг байна. Тэрээр амьгүй ертөнцөд dharma (хөдөлгөөн), adharma (тайван байдал), kala (цаг хугацаа), akasa (орон зай), pudgala (матери) зэргийг хамааруулдаг. Энд пудгала бол оршин буй бүхний үндэс болсон байнга нэгдэж задарч байдаг нарийн тоос буюу материаллаг эхлэлийг тэмдэглэсэн ойлголт юм. Пудгала нь орон зай, цаг хугацаанд оршиж байдаг бөгөөд атомлаг бүтэцтэй. Атомууд нь хэлбэрийг хувьд адил, чанарын хувьд ялгаагүй, байнга идэвхтэй хөдөлгөөнд оршдог. Нөгөө талаар жайнизм нь онтологийн хувьд плюралист үзэл юм. Пудгалын зэрэгцээ олон тооны бие даасан субстанцыг (орон зай, цаг хугацаа, оюун санаа, хөдөлгөөн, тайван гэх мэт) хүлээн зөвшөөрдөг. Жайнизмын сургаалд хүрд гэгддэг цаг хугацааны мөчлөг хэмээх ойлголт бий. Түүний хагас эргэлт бүр нь уруудаж өгсөх зургаан үеэс бүрддэг. Уруудах, нэг, хоёрдугаар үе нь сайн, амирлангуй гэж тооцогддог. Эдгээр үед хүмүүс их дэвшил, хөгжлөөрөө ялгагдаж удаан амьдардаг, үхлийн дараа шууд дээд ертөнцөд эргэн төрдөггүй, хэзээ ч доод ертөнц рүү ч ордоггүй. Гуравдугаар үед хүмүүс зовлон бэрхшээл амсаж эхэлдэг. Энэ үед тэдэнд авралын замыг заагч тиртханкар-ришабха гарч ирдэг. Дөрөвдүгээр үед амьдрал дордох, муудах нь үргэлжилсээр байна. Хүмүүс гай тотгорт орсоор байх бөгөөд бие махбод нь хүчирхэгждэг. Хүн үхлийн дараа амьтанд хувилан төрж, эсвэл тамд очдог. Энэ үед жайны шашин төгс цэцэглэн хөгжилтөнд хүрдэг бөгөөд Махавари болон үлдсэн бүх тиртханкарууд нь гарч ирдэг. Тавдугаар үе нь одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Махавариг төрснөөс 8.5 сарын дараа эхэлсэн (Махавариг нирваан болсноос 3 жилийн дараа эхэлсэн гэх өөр таамаглал ч бий). Энэ нь 21 мянган жил үргэлжлэх болно. Тиртханкарууд үзэгдэхгүй бөгөөд шашин уналтанд орно. Энэ үед жайнизм үгүй болно. Зургаадугаар үед хүний амьдрал 16-20 насаар богиносож, газар дэлхий улайсаж, халуун болох бөгөөд ургамал устаж үгүй болно. өдрийн цагт хүмүүсийг аймшигт халуун тарчилгах бөгөөд, харин шөнө нь үүний эсрэг тэвчимгүй хүйтэн болох болно. Гэвч хүрдний өгсөх хөдөлгөөн эхлэх бөгөөд үеүд нэг нь нөгөөгөөрөө солигдох болно. Жайнизм ертөнцийг бүтээгч нь бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Жайнизм нь ертөнц олон эхлэлтэй гэдэг. Жайнууд олон тооны бурхад мөн бусад гайхамшигт зүйл байдаг гэдэгт итгэдэг боловч эдгээрийг ид шидийн тиртханкаруудаас доогуур гэж үздэг. Жайнчууд ертөнц мөнхийн оршдог, хэзээ ч, хэн ч түүнийг бүтээгээгүй гэдэгт итгэдэг. Өөрийнхөө ахуйд ертөнц нь буурах өгсөх үетэй байдаг. Бууралтын үед ертөнцийг мөхлөөс аврахын тулд тиртханкарууд гарч ирдэг. Жайнууд сүнс оршдог гэдэгт итгэдэг. Уг хүний шинэ байдал нь хүний урьдах амьдралдаа хийсэн зүйлээс шалтгаалдаг. Хэрэв сүнс нь уур омог, хар санааг өгч буй бол тэр нь үхлийн дараах ямар нэгэн үед кармын хуулиар тамд байх болно. Гэвч сүнс нь эрх чөлөөнийхөө ачаар кармын хамаарлаас чөлөөлөгдөж болно. Мөнх бусын ертөнцийн сүнсийг чөлөөлснөөр сүнс оршино гэсэн нь жайны чухал сургаал юм. Жайнчууд сүнс нь хүнд төдийгүй, амьтан, ургамалд хүртэл бий гэдэгт итгэдэг. Харин амьд ертөнцийн бүх юмс үзэгдэл нь сэтгэлтэй, сүнстэй байдаг. Тийм учраас амьтай бүхнийг хайрлах үзэл, хүч үл хэрэглэх зарчмыг (ahimsa) дэвшүүлсэн. Жайны даяанчуудын толгой үстэй, тогтмол мацаг барьдаг, олон тооны сахил санваартай. Гэлэнгүүдийн хувьд хамгийн том сахил бол ахимса юм. Амьд амьтанд хор хүргэхгүйн тулд тэд их анхаарал тавьдаг. Хорхой шавьж дээр гишгэж, няцлахгүйн тулд өмнөх замаа ажиж явдаг. Хичнээн хүйтэн байсан ч гэлэнгүүд шөнөөр гал ноцоох ёсгүй. Учир нь нисдэг шавьж, удган эрвээхэйнүүд түүний галд орж магадгүй. Харанхуйд ямар нэгэн амьд амьтанд тохиолдлоор хор хүргэж болох учраас шөнөөр ямар нэгэн зүйл хийх, эсвэл явахыг хориглодог. Аливаа зүйлийг хөндөж хөнөөх нь байж болшгүй зүйл. Иймд аливаа хэрэгцээ, хэрэглээг хязгаарлах нь чухал. Хүний амьдралд зовлон байдгийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой. Нөгөө талаас зовлонгийн шалтгааныг хүн ертөнцийн мөн чанарыг таньж чадаагүйтэй ч холбон үздэг. Жайнистуудын үзэлд танин мэдэхүйн хязгааргүйн тухай туйлын үнэнд хэзээ ч хүрэхгүй гэсэн санаа ил харагдаж байна. Иймд тодорхой мэдлэгүүд бол юмсыг заавал аль нэг талаас тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл зарим мэдлэг үнэний хувь заавал байна гэсэн үг. Иймээс аливаа мэдлэгийг харьцангуй талыг онцолж байх хэрэгтэй гэдэг. Мөн Жайнисчууд ертөнцийн амьдралд зовлонгийн мөн чанарын тухай асуудлууд байнга тавигдаж байдаг. Хүн түүнийг бүрэн дүүрэн мэдэрч чаддаггүй учраас ертөнцөд дахин дахин тэмүүлж, тэр нь ертөнцөд эргэж төрдөг шалтгаан болдог тухай үзэл санааг гаргасан. Энэтхэгийн философид нэн эртнээс уламжлагдсан харьцангуйн үзэл санааг ямар нэг байдлаар хадгалах болсон. “Хүн ямар нэг хүлээснээс ангижрах ёстой, энэ ангижрах арга замыг бусдад зааж өгч чадахуйц тийм их багш нарын сургаалийг дагах хэрэгтэй”. Иймд зөв мэдлэг, зөв бишрэл, зөв үйл бол сэтгэлээ төгөлдөржүүлэх, орчлонгийн зовлонг гэтлэх их түлхүүр, эх үндэс нь болдог байна. Үүнд: • “Зөв бишрэл” гэдэг нь үнэнийг хүндэтгэх явдал, • “Зөв мэдлэг” гэдэг нь “Би“ ба “би бусын” тухай аливаа эргэлзээ эндүүрэл төөрөгдлөөс ангижирсан, нарийвчлагдсан мэдлэг байдаг. • “Зөв үйл” гэдэг нь хортой бүхнээс зайлж, сайн бүхнийг үйлдэх хэрэгтэй гэсэн үг. Чухамхүү энэ үзэл санаагаар жайнистууд нь Энэтхэгийн философид гол байр суурийг эзэлж, өнөөгийн Энэтхэгийн нийгэм, улс төрийн сэтгэлдээнд хүчирхэжсэн байна. Энэтхэгийн улс төрийн болон ёс суртахууны сэтгэлгээн дэх үл хүчирхийлэх зарчимд ч мөн чанараараа нөлөөлж байна. Тэд ёс суртахууны энэхүү асуудлыг авч үзэхдээ хүнлэг энэрэнгүй үзэл санааг номлож, нийт хүн төрөлхтний шинжтэй ёс суртахууны түгээмэл сургаалыг боловсруулжээ. Жайнистуудын танин мэдэхүй нь Мати ба шрути хэмээх хоёр үе шаттайгаар явагддаг хэмээн үздэг. Мати нь тодорхой сэрэхүй үүсэх, асуудал гарах, мөн оюун ухаанаар танин мэдэх үйл явц мөн. Шрути бол нэр хүнд бүхий эх сурвалжаас мэдлэг олж авах явдал юм. Тэдний үзлээр, хүн ертөнцийг бүрэн төгс танин мэдэх бололцоогүй ажээ. Жайны хувьд гүнзгий бат тогтсон үзлийнхээ ачаар олон зовлон бэрхшээлийг даван туулж, оюун санааны хөгжлийн замаар хурдан урагшилж байв. Дөчин гурван насандаа Макавари туйлын мэдлэгт хүрч, гэгээрэх зам мөрөө олж джина болсон. Джин Махварийн тодорхойлсон гэгээрэх зам мөрд орохын тулд гурван үнэт зүйлсийг мөрдөх хэрэгтэй. Энэ нь өмнө өгүүлсэн зөв бишрэл, зөв мэдлэг, зөв үйл юм. 1. Зөв бишрэл. Өөрөөр хэлбэл Джины сургаалд байдаг тийм ухаанаар ертөнцийг харах. 2. Зөв мэдлэг. Энэ нь хүрээлэн буй ертөнц, оюун ухааныхаа үнэн мөн чанарыг олох. 3. Зөв үйл. Джины тогтоосон дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөх явдал юм. Эдгээр таван том ёсыг биелүүлэхэд чиглэгддэг. Үүнд: Ахимса: энэ нь амьд бие махбодид хор хүргэхгүй байх явдал юм. Сатья: энэ нь үнэнч шударга байх явдал. Астея: энэ нь бусдыг өөрийн болгохгүй байх явдал. Брахмачарья: энэ нь ариун явдал, ариун ёс суртахууныг сахих. Апариграха: энэ нь хоосон чанарыг цээрлэх, өөрөөр хэлбэл зугаа наадам, өмч хөрөнгөнөөс татгалзах явдал юм. Ийнхүү дээд мэдлэгт хүрсний дараа Махавари өөрийн тэнэмэл даяанч амьдралаа үргэлжлүүлсэн боловч түүнийг баримтлагчид, шавь нар нэгэнт бий болсон байв. Махаварийн дотны шавь нар түүний сургамжийг цуглуулж, арван дөрвөн төрлийн ярилцлагад оруулсан байна. Цаашид шавь бүр багшийнхаа номлолд үндэслэн нэг, нэг том ном бүтээсэн. Тэдгээр нь Агама эсвэл Сиддханта гэж нэрлэгддэг Жайны дүрэм маягийн гол цөм болсон. Жайнист уран зохиолын хөгжлийн үед олон тооны зохиол бүтээл, судар, тайлбар, тодорхойлолт бүтээгдсэн гэдэг. Түүнд нь хэл шинжлэл, философи, одон орон, газарзүй зэрэг олон салбарын бүтээл хамрагдсан буй. Махавари далан хоёр насандаа өөд болсон бөгөөд жайнистуудын ярьдгаар нирваан дүрд хувирсан гэдэг. Жайнистууд үзэхдээ хүн ертөнцийг бүх талаар нь туйлын байдлаар тайлбарлах бололцоогүй. Учир нь ертөнц хязгааргүй олон янзын юмс үзэгдлээс тогтдог. Тэдгээрийн бүрдэл нь субстанц юм. Ертөнцийн юм үзэгдэл бүхэн хоорондоо уялдаатай байдаг учраас аль нэг юм үзэгдлийг бүрэн төгс танин мэднэ гэдэг нь ертөнцийн бүх шинжийг хооронд нь уялдаа холбоотойгоор авч үзнэ гэсэн үг юм. Энэ бүхнээс дүгнэж, жайнизм нь вед мэтийн туйлын төгс үнэн байхыг эсэргүүцэж, үнэн бол харьцангуй хэмээн үздэг үзэл юм. Энэхүү харьцангуй үзэл нь ведэд эргэлзэх, улмаас шүүмжлэх үндэслэгээ ч болсон байж болох юм. Хэрэгцээт бичлэгт бүртгэх Мэйлээр илгээх Уншигдсан: 1666 Сэтгэгдэл (0) Сэтгэгдэл бичих Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ... Ангилал Англи хэл Эдийн засаг Сэтгэл Судлал Хууль эрх зvй Бизнес удирдлага Боловсрол Философи Олон улсын харилцаа Tэтгэлэг Социологи Дүрслэх урлаг БусадҮндсэн цэс Нүүр хуудас ВикипедиА Мэдээ мэдээлэлХэрэглэгч Хэрэглэгчийн нэр Нууц үг Намайг сана Нууц үг мартсан уу? Бүртгэл үүсгэх Эрэлттэй хичээл TOEFL өгөхөд заавал мэдсэн байх 400 үг Toli 5 Илүү Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг Англи хэлний шидэт хичээл / хүүхдүүдэд / Даваахүүгийн Лекц Арьс цайруулах хялбар арга English for you Harry potter-ын бүх ном англи бас монгол хэл дээр БАРАК ОБАМАГИЙН ИЛТГЭЛҮҮД МОНГОЛ ХЭЛЭЭР Дэлгэрэнгүй»